2012-02-28
Үндэсний баяр ёслол
Наадам





Эсгий туургатны нийгэм төрийн их баяр-эрийн гурван наадам нь эр хүний бие тэнхээг шалгах бөхын барилдаан, эрхий хурууны хэв мэргийг сорих сур харваа (нум сум), эр морины шандсыг шалгадаг өвөрмөц цэнгээн юм.

Энэхүү баяр наадам нь нэн эрт бүр овгийн байгууллын үеэс эх үүсгэлээ олсон бөгөөд 1921 оны ардын хувсгал ялсанаас хойш Улс хувьсгалын их ойн баяр наадам гэгдэх болжээ.

Үндэсний бөх

Бөхийн барилдаан нь Монгол угсаатны дотор цэрвүү барилдах, хөлөөр ташиж барилдах, зууралдан ноололдох зэрэг хэдэн янз бөгөөд эхнийх нь халхад түгээмэл, хоёр дахь нь өвөр монголд, гуравдахь нь буриад, дөрвөд ястны дотор дэлгэрсэн аж. Эдгээрийн аль шилдэг бүхний нь найруулан авсан монгол үндэсний нийтлэг барилдаан нь халх барилдаанд тулгуурлан төлөвшсөн орчин үеийн монгол барилдаан болно.

Бөх барилдааны барилдах журам, мэх, ёс заншил нь их л нарийн бөгөөд барилдагчийн бяр самбаа ухааныг шалгах онцгой үйл, уран мэхийг эрхэмлэдэг урлаг юм.

Монгол үндэсний бөх нь бөх бат, үзэсгэлэн төгөлдөр тусгай өмсгөлтэй байна. Жанжин малгай, зодог шуудаг, монгол гутал.

Монгол үндэсний заншлаар бөхийн зөвлөгч болох засуулч бөхдөө зөвлөгөө өгөхөөс гадна 3, 5, 7-гийн даваанд бөхөө цоллодог. Бөх цоллох гэдэг нь тэр бөхийн алдар цолыг уран сайхнаар дуудан хийморийг нь сэргээх нарийн үйл юм. Бөхчүүдийг амжилтаар нь улс, аймгийн шилдэг бөхийн цолыг олгодог: 1.Начин  2.Харцага  3. Заан 4. Гарьд 5. Арслан 6. Аварга
Сур харваа

Сур харваа нь харвах, намнах үйлээс балар эрт цаг, шинэ чулуун зэвсгийн үеэс үүсэн дэлгэрсэн бөгөөд анх үедээ хавчаахай нум хийдэг байв. Хүннүгийн үеэс нум сум хийх үйл нарийсч балар цагийн хавчаахай нумыг сайжруулж ирсэн. Тэр цагийн хүмүүс харвахдаа ч гарамгай ба нум сум харвах ёслол үйлддэг байсан гэж сурвалж бичигт олонтаа тэмдэглэгджээ.

Он цагийн явцад ёслол заншил нь нэлээд дэвшиж, хэлбэр нь баяжиж, дүрэм журам нь улам боловсронгуй болж эрын гурван наадмын нэг болтлоо хөгжжээ. Сурыг цуваагаар харвах, багийн нийллэг, холч харваа зэрэг харвааны олон төрөл байдаг ба сурыг харвахдаа хол ойрын зайн мэргийг голчилно.

Монгол харвааны үе гэж сонин заншил байдаг ажээ. Мэргэ, шил, ноё, баатар, далд, шувтрага мэргэ зэрэг олон үе бий. Үе болгонд дөрвөн харваач оролцоно. Жишээ нь: Мэргэ үед алдар цуутай харваачид, далд үед амжилт нь харьж яваа, шувтрага мэргэ үед удахгүй толгой дээр цахиур хагалах ирээдүйн аваргуудыг сонгож харвуулдаг гэнэ. Үнэхээр ч шувтрага мэргэ үеэс шинэ аваргууд төрдөг ажээ.
Морин уралдаан

Морин уралдаан бол монголчуудын дунд үлэмж дэлгэрсэн тэмцээн юм. Монгол адуу бол холч хурдан агт тул хурдан морь эрдэнэ мэт эрхэмлэгддэг болсон аж.

Морин уралдаан нь хожимдоо ихэд боловсорч, тусгай дүрэм журамтай болж, морь таних мэргэжил ч гүнзгийрсэн байна.  Тухайлбал: морь шинжих эрдэм боловсорч, морины шинжийн судар хүртэл бий болжээ. Сайн морь хурдан хүлгийн шинжийг мэдэх, морь уяж сойх арга, мэдлэгийг бүрдүүлэн морь уралдуулах наадмын өвөрмөц ёсыг бий болгожээ.

Морьдын дотроос аль хурданыг нь сонгож, олон хоногийн өмнө сойж, өдөр тутам давхиулан сорьж бэлтгээд, нас насаар нь ялган газрын хол ойрыг тохируулна. Морьдыг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэж насаар ялгана. Тэднийг 6-13 насны хүүхэд, биеийн хөдөлгөөнд саад болохгүй, халууцахгүй, биедээ тохирсон хувцастайгаар унаж уралдана.

Хурдан гарах, барианд ирэх үед «Түмний эх» дууг дуулдаг. Түрүүлсэн моринд «түмний эх», хамгийн сүүлд ирсэнд «бүрэн жаргал» цол өгч, морьдыг билэгтэй сайхан үгээр магтан шүлэглэж цоллодог. Уралдсан морьдыг тоогоор зааглан барианд оруулж бай шагнал өгдөг. Тасалбар болсон морийг мандал морь буюу тасалгаанд ирсэн морь гэж нэрлэн тусгайлан шагнадаг. Мөн баяр наадмыг хөгжөөн наргиантай болгоход зориулан уралдаанд хоцорсон даагыг «Баян ходоод» гэж нэрлэн түрүүлсэн дааганы хамт унасан хүүхэдтэй нь наадмын дэвжээн дээр гарган түрүүлсэнтэй адил бай шагнал өгнө.
Бичсэн: Ялалт Заяа Иба | цаг: 19:28 | Ёс заншил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax