2012-02-28
Ахуй амьдрал
Цаатан ардын ёс заншил

Манай улсын умар зүгийн ой тайгад цаа буга маллаж амьдардаг хэсэг ардыг, ардын хувьсгалаас хойш манай утга зохиол, ярианы хэлэнд Цаатан гэж нэрлэх боллоо. Хувьсгалаас өмнө нийтэд нь Тагна урианхай гэж нэрлэдэг байсан боловч тайгын иргэд, Соёд урианхай гэж ялгах явдал ч байжээ.

Өөрсдийгөө Уйгар хэлтэй, Уйгар угсааны Духалар /Тува/ хүмүүс гэдэг. Цаатан ардын эрхэлдэг гол аж ахуйн нь цаа буга билээ. Цааг гэрийн болгож эрхэлсэн нь одоогоос хэдэн мянган жилийн өмнийн хэрэг бөгөөд чухам хэдий үед хаана үүссэн тухай мэдээ баримт одоохондоо үгүй байна.

Бух цааг-этэр, хөнгөлсөн эр цааг-зарь, эм цааг-манджиг, эр эм ялгаагүй 1 настай цааг-хугаш, 2 настай эрийг донгор, эмийг дунгуй, гурван настай эрийг гуйдаа, гурав болон түүнээс насны эмийг манджиг, дөрвөн настай эр цааг засаж зарь болгоно.

Цаатан, жилд 6-8 удаа цааны идшийг даган нүүдллэж 11 сараас өвөлжөөнд буудаг. Нүүдэл хийж ихэвчлэн өвс ургамал ихтэй газар буух боловч, онгон савдагтай, хүн оршуулсан зэрэг нутгаас зайдуу бууна. Хотын настай хүн урьдчилан явж, нутаг шинжин, түүний хэлснээр тэр газарт очиж буудаг заншилтай.

Онгон юмуу, юмуу хоймрын барааг ачдаг цаа гэрийн эзний хамгийн хайртай цаа байх бөгөөд энэ нь эрт үеэс уламжлагдсан бөөгийн мөргөлийн тусгал юм. Ийм цаа хуучин цагт онгоны цаа гэж тусгай тэмдэгтэй, сэтэртэй цааг гэрийн эзнээс өөр хүн /тусгай эмээл тохож/ унадаггүй, эзэн ч гэсэн тэр болгон хэрэглэдэггүй байна.

Цаатан иргэд хэдийгээр эрт үеэс цаа бугыг гэрийн болгон тэжээсэн боловч тэдний аж ахуйн гол нь агнуур байжээ. Идэшний ан амьтад баавгай, буга, бор гөрөөс, янгир, аргаль, хандгай, гахай зэрэг ордог байжээ. Үнэт үстэй булга, хэрэм, үнэг зэрэг амьдтыг өвлийн улиралд үс гүйцсэн цагт нь агнадаг. Тэд хэд хэдээрээ хамтран ан хийхдээ гол төлөв нэг хотын 7-10 эрэгтэйчүүд явах бөгөөд 3-4 буудагч, 4-5 үргээгч гэж хоёр хэсэг болж буудагч нар нь ан амьтны гарч ирэх онь газрыг амдан нуугдаж, үргээгч нар нохойтойгоо амьтны мөр хөөлгөж, амьтдыг үргээн гаргаж, буудагч нарт шахаж ойртуулмагц буудагчид буудаж агнана.

Агнасан ангаа хот айлаараа хувааж, амьдралынхаа хэрэгцээнд хэрэглэж иржээ. Энэ үйл ёсноос гадна анд мордох, алсан амьтныг өвчих, ангаас буцаж ирэх үед анчин хүн тусгай ёс горимыг дагаж мөрддөг. Анд шинийн гурван, долоон, есөн, гэх мэт хэлтгий өдрүүдэд явдаг. Анд явах өдөр гал голомт, онгон сахиусаа тахиж, буугаа ариутгана.

Цаатан ардын дунд бэр сонгох, гэр бүл болох, гэр бүлийн харьцаа зэрэг нь маш нарийн дээр үеэс уламжлагдаж ирсэн заншилтай юм. Эх эцэг хүмүүс хүүхэддээ бэр сонгохдоо заавал өөр овгоос авдаг, өөрийн овгоос авахыг их цээрлэдэг. Урьд цагт бэрийг хол нутгаас авбал сайн гэж үздэг байжээ.


Гал голомт

Монгол хүн гал голомтыг амьдралын үндэс, хамгийн нандин зүйлд үзэж эрхэмлэдэг. Эртний монголын заншлаар хамгийн бага хүү нь гал голомтоо сахиж, эд хөрөнгөө өмчилдөг байлаа. Чингис хааныг нас эцэслэсний дараа түүний гал голомт, эд хөрөнгө, бараг бүх цэрэг, хэвтүүл, манааг ямагт эцгийн хажууд явсан дөрөвдэх хөвүүн Тулуй өвлөн авчээ.

Гэр бүлээрээ тулгаа тойрон сууж, илч гэрэлд нь дулаацаж, хоол ундаа болгож, эцэг эхийнхээ үгийг сонсож, бяр, сэтгэлийн тэнхээ авдаг амьдрал тэтгэгч эх булаг бол гал голомт билээ.

Галыг шүтэх заншил монголд эртний уламжлалтай. Төрсөн эцгийн гал голомтноос жигүүр ургаж, хүч чадалтай болоод зүг бүрт мордож, өөр өөрийн гал голомтыг асаадаг.



Хадаг барих

Монголчуудын эдийн манлай болсон алив ёс баяр элдэв хүндэт бэлгэнд хэрэглэж заншсан нэгэн их эд нь хадаг юм. Хадаг нь дээрх хээ угалз, үсэг чимгээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо харилцан адилгүй байдаг.

Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх ахмад настан эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар сар үсэг бүхий Нанцвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ.

Хадгийг барихдаа өгөх хүн рүүгээ хадгийнхаа амыг хандуулан хүндийн эрэмбээр мэхийх юмуу сөгдөж барина. Цаад хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад аятай эвхэж хямгадах ёстой.

Хадгийг барихдаа уул ёслолын тухай бэлэгтэй үг үгүүлж сүүлд нь эл баярт нийлүүлэн барих хадгийнхаа тухай дорхи үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна. Хадаг барихад хэлэх үг нь:

«Цаглашгүй урт наст ариун хадаг»

«Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн
Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг»

«Идээний дээж элгэн цагаан тараг
Эдийн дээж ариун цагаан хадаг»



Хадаг барьж золгох ёс

Хадаг барьж золгох ёс Өндөр настай буюу нутаг орчиндоо их хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгох ёс байдаг. Тэгэхдээ хадагны амыг буруу харуулж болдоггүй. Дүү хүн хадгаа гаргаж, амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно.

Хадаг авч байгаа хүн хадгаа хавсарган хураагаад золгож ч болно. Хадаг авсан хэвээрээ золгож ч болно. Хадаг тавьж өгч байгаа хүн ч гэсэн анхаарах зүйл бий. Тавьж буй хадгаараа бүх хурууг нь бүтээчихэж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж, алганд нь багтааж тавина. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Хадгаа тавьчихаад золгохдоо мэндээ мэднэ.



Угтах, үдэх

Зочныг угтах, үдэх ёс нь уул зочныхоо хүндийн эрэмбээр доорхи хэдэн зүйл болно. Үүнд: Гэрийн эзэн нь зочноо:
1. Гэрийн хашаа буюу албан байрныхаа гадаа үүдэнд гарч угтан үдэх
2. Зөвхөн гэр, өрөөнийхөө үүдэнд угтаж үдэх
3. Дотроос гаралгүй гэр өрөөндөө босож угтаж үдэх
4. Гэр өрөөндөө суугаагаар угтаж үдэх зэрэг болно.
Тэгэхдээ тэдгээрээс эхний хоёр янз нь биеэс ахмад буюу эрхэм хүнтэй учрахад ёслох бөгөөд сүүлийнхээр нь өөрөөс дүүмэд хүнд ёслоно. Ингэхдээ ахмад дүүмэд гэдэг нь ганц насны ялгавар бус албан тушаал, хүнд мэндийн зэрэг хамаарагдана.

Зочноо угтахад: Аян замдаа алжаалгүй тавтай сайханморилж ирэв үү? Сайн явав уу? Сайн ирэв үү? гэх буюу явсан хэргийн төрлөөр сургууль соёлд явсан хүнд : -Ном эрдэм их сурав уу? Эрдэм ном өндөр үү? гэх, ажлаар явсан бол явдал хэрэг сайхан бүтэв үү? Ажил амжилттай юу? Ажил бүтэв үү? гэх мэтээр асуухад ирсэн хүн бүгдийг сайн сайхнаар хариулдаг. Зочноо үдэхэд: Аян замдаа алжаалгүй тавтай сайхан морилоорой! Алтан шар чинь өлзийтэй болтугай!Алтан шар замдаа амар сайн яваарай! Сайн яваарай! гэхэд явж буй хүн нь хэлсэн хүн бүхэнд -Сайн сууж байгаарай гээж хэлэх буюу нийтэд нь : -Бүгдээрээ сайн сууцгааж байгаарай. Баяртай гэдэг.





Хадагтай золгох ёс

Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо асар их хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ах хүндээ хадгаа бүрмөсөн өгөөд золгодог бол, хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй ямагт өөртөө авч байдаг.

Ямарч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулан, золгох үедээ унжиж буй хадгаа хүний гар дээр тавихгүй унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд очиход цаад хүн тань өврөөсөө юмуу, хажуунаасаа хадаг аваад хуруугаа ороогоод эхэлбэл та яаралтай энэ хүн намайг ихэд хүндэтгэж байна даа гэж бодоорой.


Өрх тусгаарлах

Монголчууд хөвүүнээ 18-25 наснаас, охиноо 17-21 наснаас нь өрх гэр болгож, өмч хөрөнгө тасдан өгч, өрх тусгаарладаг заншилтай байв. Монголчууд охиноо 17 нас хүрэхэд «цусан тамир» нь гүйцсэн хэмээн эрд өгдөг. Хөвүүнээ бол 18 нас хүрэхэд «цусан чөмөг» нь бүрэлдсэн хэмээн эхнэр авахыг зөвшөөрдөг байжээ.


Нүүдэллэх ёс

Монголчууд эрт дээр цагаас нүүдэллэж амьдардаг улс билээ. Одоо малчид жилийн дөрвөн улирлыг дагаж нутаг сэлгэн нүүдэг. Нүүхэд нарийн ёс горим бий. Нүүх өдөр, буух газраа өмнөөс товлож, цэлмэг сайхан өдөр нүүнэ. Хаана буухыг өрхийн тэргүүлэгч мэднэ

Нүүхийн өмнөх өдөр орчин тойрныхоо хогийг сайтар цэвэрлээд нүүдэлд зэхнэ. Гүүн зэл, шон гадсаа сугалж, нүхэнд нь өтөг бууц, сул шороо хийдэг. Ачаа хөтлөх морины дэлийг засдаг.

Гэрийн эзэгтэй гоёлын хувцасаа өмсөөд, бүрэн хэрэглэлтэй эмээлээ тохож ачааг хөтөлдөг заншилтай байв. Ачааны дэс дараалал нь хүүхэд ачсан тэмээ, эд хогшил ачсан тэмээ, цагаан идээ ачсан тэмээ гэх мэт нарийн байжээ. Нүүх өглөөгөө гэргий нь эртлэн босож цайгаа чанаж, үнээ малаа саагаад өлзийгөө өгсөн нутаг хэмээн орон хангайцд цайны дээж өргөж дараа нь цайлцгаагаад нүүнэ.

Шинэ бууриндаа нарнаар очсон байхыг эрхэмлэнэ. Гэрийн бусад хүн малаа төрлөөр нь хуваарилж аваад тууна. Тооныг хамгийн сүүлд ачина. Ачаалж дуустал тооныг гэрийн бууринаас гадагш гаргах ёсгүй. Ачаалж байх үед гэрийн буурь дээгүүр ачаатай ачаагүй (тэмээ, үхэр, морь) гаргадаггүй.

Учир нь «ачаа хазайна, ачаа туйлна» гэж цээрлэдэг. Ачаалж дууссаны дараа гэрийн буурийг нар зөв тойрч зам шулууддаг. Харин гэрийн эзэн хамгийн сүүлд ачааг дагаж мордоно. Ачааны өмнө адуугаа, бусад малаа ачааны араас тууж нүүдэг заншилтай.

Нүүдлийн цуваа холоос бараа сүртэй харагдана. Хэрвээ нүүдлийн бараа харвал, харсан гэрийн эзэн айлын нүүдэл гараад ирлээ цайгаа чана гэж эзэгтэйд хэлдэг. Ахар богино хугацаанд цай чанана. Заавал шинэ цай чанаж өгөх бөгөөд хуучин цай халааж өгвөл шинэ бууринд удаан суухгүй ёр гэж цээрлэдэг. Таних танихгүй хамаагүй нүүдлийн хүмүүст зам тосон очиж, домботой цай, таваг идээ барьж, ширдэг дэвсэж цайлдаг заншилтай байв. Нөгөө айлын хаана буухыг асуугаад очиж тусалдаг. Нүүдлийн цай ирэхэд нүүдэлчид заавал сууж цайг нь ууж хүндэтгэнэ.

Замд тохиолдсон хүмүүс ачааны баруун талаар зөрж гарах бөгөөд тэр талын хөлийг дөрөөнөөс мултална. Ингээд аль ахмад хүнээс эхлэн амар мэндийг солилцоно. Дөрөө мултлах нь бууж хүндэтгэсэнтэй ялгаагүй гэж үздэг.

Шинэ бууринд гэрийн эзэн түрүүлэн ирж, ачаа хөсгийг тосон авч, гэрийн эзэн унаж ирсэн морины эмээлийг буурийн зүүн талд авч тавина. Шав тавьсан газраа бууна. Буух газраа бамбай дэвсэж хүмүүс цайгаа ууж, Хангай дэлхийдээ идээ цайгаа өргөн, хаана хэнийх гэрээ барихыг хөгшчүүд зааж өгнө. Хамгийн эхлээд тулгаа байрлуулдаг заншилтай бөгөөд хуучин нутаг буурин дээр буухыг цээрлэдэг.

Монголчууд гал голомтоо их эрхэмлэдэг бөгөөд тулгын чулууны үүдэн талын чулуугаар явах замаа дахин гаргадаг. Хэрэв харь хол нүүвэл тулгын чулууны нэгийг авч нүүдэг байна. Хэрэв замд овоо тааралдвал чулуу, идээ тавьж өнгөрнө. Бас морь малынхаа үс хялгаснаас авч өргөдөг. Хүмүүс ингэж нутаг сэлгэн нүүж малаа таргалуулж байжээ. Үүнээс үүдэн «Баярлан бууж, баяжин нүүнэ» гэсэн ардын цэцэн үг гарчээ. Нүүдлийн замд ан амьтан тааралдвал сайн гэж бэлэгшээж байлаа.




Зочлох ёс

Хүнийг хүлээж хүндлэхийн нэгэн эрхэм үйл нь зочлох ёс юм. Монгол зочлогын ёс нь цайллага, будаалга, дайллага гэсэн гурван зүйл.

Ах дүүс, анд нөхдөө хүндэтгэн цай уулгах, шинээр айл буусан хөрштэйгээ танилцах зорилгоор эсвэл удаан хугацаанд айлсаж байгаад аль нэгэн салж нүүх болоход харилцан бие биенээ цай уулгах, аливаа баяр ёслол, шинэ оныг тохиолдуулан бие биесээ гэр бүлээр нь урьж цай уулгахыг цайллага гэдэг.

Цайллагад цай идээ, чихэр жимснээс гадна жирийн хоол, архи айраг хэрэглэдэг нийтлэг ёстой. Цагааллага, будаалга хоёр нь тодорхой үйл явдалд зориулсан, зан үйлийн иргэний нийтлэг шинжтэй юм. Айл хөршийнхөө, ах дүү, анд нөхдөө урьж цайлахыг ардууд цай уулгах гэж энгийн нэрлэдэг.

Албан ёсны ийм маягийн хүлээн авалтыг зоог барих гэдэг. Цайллага гэдэг нь сайн нөхөд учрах, үдэх тэргүүтэнд бие биедээ цай идээ барин, хөнгөн зочлохын нэр юм. Цайллаганд цай идээ сархадын зүйлээр зочилдог.

Харин нөгөө дайллагад нь цайллагын бүх идээнээс гадна хоол заавал оролцдог. Мөн архи сархадын зүйл ч байдаг. Будаалга гэдэг нь тухайлсан баяр ёслол зан үйлийг тохиолдуулан нийтэд барих нэгэн зүйл дайллагын нэр юм.

Хүүхэд угаах, хүүхдийн үс авах, хүүхдийн ой болох, алдар хүндлэл олох зэрэг, зан үйлд зориулах хөнгөн хуримыг будаалга гэх боловч хүн оршуулах, цагаан сар мэт онцгой ёслолд гүйцэтгэх зочлогыг бас будаалга, цагаалга гэх нь буй. Будаалга нь үржин дэлгэрэх, арвижин жаргахын бэлэгдэл болсон сүү будааг эрхэмлэсэн үйл юм.

Будаалгад оролцох хүнийн байдлыг харгалзан насанд хүрээгүй хүмүүст архи сархад үл барих тул цагаан идээ айраг мэтээр дайлдаг заншилтай. Дээр гурван зүйл зочлогын зоогийн цэсийг дор өгүүлье. Үүнд: ЦАЙЛЛАГАД: 1.Цай (цайны зүйл) 2.Идээ (чихэр, жимс, боов, цагаан идээ) 3.Ундаан (жимсний ус, пиво, айраг, архи дарс бага зэрэг) БУДААЛЛАГАД: 1.Цай 2.Идээ 3.Хөнгөн шүүс (будаа, аарц, махан зууш, тараг) 4.Ундаан (жимсний ус, пиво, дарс айраг зэрэг) ДАЙЛЛАГАНД: 1.Цай 2.Идээ 3.Хүнд шүүс (бүхэл мах, таташ, бууз хуушуур) 4.Ундаан (бүх төрлийн ундаан, айраг архи зонхилдог)



Мэндчлэх ёс

Та сайн байна уу? гэж дүү хүн ахмад хүнийг мэндэлдэг. Нэг хэсэг уулзаагүй бол Та амархан сайн байна уу? Та амар амгалан байна уу? гэдэг. Хариуд нь: -Сайн байнаа. Та амархан сайн байна уу? -Сайн байнаа. Таны лагшин тунгалаг байна уу? -Сайн байнаа. Сонин сайхан юу байна? -Тайван сайхан байнаа. Таны ажил алба бүтэмжтэй сайн байна уу? гэдэг.

Хэрэв хоёр хүн өдөр нь уулздаг бол өглөө нь: -Тавтай нойрсов уу? -Тавтай унтлаа. Сонин сайхан юу байна? -Тайван сайхан байна гэдэг. Орой бол -Тавтай нойрсогтун. Та тавтай сайхан амрагтий. -Баярлалаа. Та тавтай нойрсогтун гэнэ.

Монголчууд дүү нь ахмад хүнийхээ амар эхэлж асуудаг юм. Эрдэмтэн мэргэд, эзэн дээдэс, баатар цолтныг эгэл хүн энх амгалангий нь эрдэг ёстой. Олон түмэн мэндлэж золгохдоо насны эрэмбээр нь мэндэлж золгодог учиртай.




Монгол хүний эрхэмлэх зургаан зүйл

1. Үнэн бат журмыг үргэлж хичээж явах
2. Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах
3. Үйлийн ачыг буцааж хариулж явах
4. Өсөх гээхийн хорвоог учирлан таниулж явах
5. Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах
6. Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах



Хамтач заншил

Манай малчин ард олон эртнээс нааш маш өвөрмөц нягт хямгач, нөхөрсөг харилцаатай байсаар ирсэн юм.

Зун намрын улиралд айл өрхөөрөө саахалт бууж, саалийн цагаар хурга ишгээ зөрүүлэн сувай хонин сүрэгтээ солилцон нийлүүлж, холын соргог сайхан бэлчээрт таргалуулах, гүүгээ хамтран барьж айраг саамыг нь ашиглах, худаг ус хамтран гаргах, засаж тохижуулах, хонио хамтарч ээлжлэн хяргах, хамтран эсгий хийх, өвөл, хаврын улиралд малаа хамтран оторлох, өвөлжөө бууцаа хамтран засаж тохижуулах, аян жингийн тээвэр хамтран хийх, алдсан малаа хамтран эрж олох, айл өрхөөрөө хамтарч өвлийн идэш уушийг бэлтгэх, хамтын хөдөлмөрөөр малын хариуллага маллагааны ээлж хуваарийг зохиох гэх мэтчилэн хөдөлмөрөө хорших маягаар харилцан бие биесдээ нөхөрсөг тустай ажил хөдөлмөрийг сайн дурын үндсэн дээр зохион байгуулдаг зуршил хэвшил болчихсон байсан билээ.



Тооно хүндэтгэх

Монгол хүн гэрийнхээ тооныг их хүндэтгэдэг. Нүүхдээ эхний ачаан дээр тавина. Эрт үед эмэгтэй хүн тоононд гар хүрдэггүй ёстой байв. Хүүхдийг тоонон дээр байдаг гэж үзэж идээнийхээ дээжийг тооно руугаа цацдаг. Тооны голын чагтагыг ихэд хүндлэн үздэг. Чагтагыг унинд хавчуулахдаа өлзий, уурга, ходоод, гүзээ хэлбэртэйгээр хавчуулж энэ нь айлд буюн хишиг дуудаж гэрийн сүлд хийморийг сэргээдэг гэсэн бэлэгдэлтэй билээ.




Өвчүү түших

Хонь гаргахад хүүхдээрээ өвчүү түшүүлж байхдаа арьсыг яаж ярдаг, гэдэс дотроо юугий нь эхэлж гаргадаг, өвчүү хавиргыг хаагуур нь хаддаг, сээр хүзүүг яаж нугалдаг, аарцгийг хэрхэн салгадаг, үнхэлцгийг юуны махаар яаж чихдэг, махыг юунаас нь эхэлж эвдэж янзалдаг заншлыг мэдүүлнэ.

Хүүхэд өвчүү сайн түшвэл үнхэлцэг, өвчүүний бүдэрхийгээр шагнуулна. Тийм болохоор тэгш сайн түшиж, түүндээ анхаарлаа төвлөрүүлнэ. Муу түшвэл аавынхаа алганы амт үзэж шийтгүүлнэ. Аавдаа тоогдох гэж хүүхдүүд хоорондоо өрсөлдөнө. Сайн туслагчаа аав нь өөрөө сонгож авна.



Уурга

Адуучин хүн уургаа нандигнан шүтэж гэрээс баруун хойш мал гишгүүлэхгүй газар тавиад, хуйвыг нь авч унинд хавчуулдаг. Хэрэв бороо орвол гэрийн баруун хатавчинд шургуулж, үзүүрийг нь хоймрын ханан доогуур гаргаж тавина. Уурган дээгүүр алхахыг цээрлэнэ. Монголчууд голдуу арван алд уурга баьдаг заншилтай. Тэр ч атугай уурганы цээжин дээгүүр явахыг цээрлэн бөгсөн талаар нь тойрч өнгөрдөг. Уургыг газар нутгийн байдлаас хамааран ямарч модоор хийж болох боловч гол төлөв бургас, хусыг илүү эрхэмлэдэг. Уургын модыг залгаж уртасган хийх нь олонтой.


Бичсэн: Ялалт Заяа Иба | цаг: 22:36 | Ёс заншил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax