2012-02-28
Зурхай, билэгдэл
Найман тахил

Энх амгалангий цагаан шүхэр: Хамаг амьтан амгаланг хүсэх ялгал үгүйн, харилцан туслалцах ариун үйлсийн мяндсан самбайг намируулж, хатуу аюулын халуунаас хамгаалах сэрүүн сүүдрийг буулгагч, халамжит энх тайвны цагаан шүхэр нь анх дахь өлзийт тэмдэг.

Энх амгалангийн алтан загас: Аливаа угсаа шүтлэгийн олон орны их мөрнүүд, амар жаргалантайгаар хамтран орших зорилгын далайд нийлэлдсэн аюул зовлонгоос урьдчилан сэргийлэх хоёр нүдээ ширтсэн амарлингуй тайвны алтан загас нь хоёр дахь өлзийт тэмдэг.

Энх амгалангийн алтан бумба: Хамаг дэлхийн амьтаны зол заяны эрдэнэсээр бүтсэн, хайр амь насыг уртасгах, мөнхийн рашаанаар дүүрсэн, хамаг жаргал хүссэн тэр бүхний хүслийг хангагч халуун найрамдлын алтан бумба нь гурав дахь өлзийт тэмдэг.

Энх амгалангийн цагаан лянхуа: Үр бүтээл цог жавхлангийн сайхан өнөрийн хүчээр, үнэнч шударга хүмүүсийн зөвийг биедээ цуглуулж, үйлс жаргалын балын баяр хуримаар цэнгүүлэн тэтгэгч өнөд энх амгалангийн лянхуа цэцэг нь дөрөв дэх өлзийт тэмдэг.

Энх амгалангийн цагаан лавай: Элэгсэг найрамдал холбооны эрчимт амьсгалын үлээх чадлаар, энэ ертөнцийн хүмүүст яруу алдарын дууныг дуурсгаж, элдэв эргүү мунхагийн зузаан нойрноос сэргээн босгогч, энх тайвны цагаан лавай нь тав дахь өлзийт тэмдэг.

Энх амгалангийн өлзийт утас: Газар бүрийн амьтны мөрөөдлийн алтан утсаар биелсэн, гарамгай соёлын харилцааны уран сүлжээгээр, гаслангуй төгс жаргалын олон нүд дурдсан гайхамшигт энх жаргалын өлзий утас нь зургаа дахь өлзийт тэмдэг.

Энх амгалангийн ялагч дуаз: Үнэнийг шинжлэн олсон хурц оюуны эсэнд байгуулсан, үл зохилдох бүхнийг бүрэн ялагчийн тэмдгүүд тодорхой, үргэлжид жаргалын төлөөнөө шамдан зүтгэх сэтгэлийн ганжир төгс, үнэлж баршгүй энх амгалангийн дуаз нь долоо дахь өлзийт тэмдэг.

Энх амгалангийн алтан хорол: Анд нөхдийн журамт амарлингуй аргын шижир алтаар бүтсэн, аюулт дайсныг сүрээр дарагч мянган хигээс яралзсан, агуу олонд тивд түгээмэл орчихоор тэтгэгч, амгалан тайвны алтан хүрдэн нь найм дахь өлзийт тэмдэг.

Монгол цаг тоолол

Монголчууд хүйлэн хөх огторгуйг шүтэгч наран сарны явдлаар хэмжээлэн дэлхийн орчлын хугацааг тооцоолон, цаг улирлын бичгийг зохион ажил төрөлдөө хэрэглэсээр иржээ. Үүний зэрэгцээгээр ан амьтаны үржих төлжих, үс зүс нь гүйцэж, авлаж гөрөөлөх үеийг харгалзан мөчлөг болгодог нөн эртний заншил нь бас хадгалагдсаар явжээ. Түүний нэгэн жишээ нь эртний монголын аж ахуйн хуанли болно.

Монголчуудын өвөг дээдэс жилийн эхийг онгон шүтээнээ тахин ангийн олзоо хуваан хувь хүртээдэг сарын нэрээр “хувь сар” гэж нэрлэн дараа дараагийн сард өвөрмөц нэр нэр өгч байжээ. Хэдий тийм боловч дорно дахинд өргөн дэлгэрсэн арван хоёр сарын нэрийг бас эртнээс хэрэглэж байсан байна.

Хуучны монгол цаглабарын сарын нэр нь дараах болно. Үүнд: хувь сар, хожим сар, өвөөлжин сар, хөнөө сар, улар сар, сүүн сар, гур сар, буга сар, хуцан сар, шилэм сар, идэлгэ сар, хөхөөл сар болно.

Монгол овогтнууд цаг тоолохдоо өвөл, намар, зуны зааг, хаврын эхэн сар зэрэг гурван янзын хуанлийг бий болгон хэрэглэж байсан гэж болно. Үүнээс өвлийн зул сарын баяр нь үлэмж эртнйи анчин гөрөөчин үеийнзаншил бөгөөд зун намрын заагт ёслох ёсолгоо нь цагаан идээ дэлгэрдэг цагийг эрхэмлэсэн явдал болно. Иймээс тэр үеийг “Сүүн сар” гэж нэрлэж байсан байна.

Есийн тооны бэлгэдэл

- Даяар монголын есийн тооны бэлгэдэл нэн эртний үүсэлтэй. Бөөгийн ёсонд огторгуйд ерөн есөн тэнгэр байна гэдэг.
- Ес барих /их тахил өргөх ёсонд зэхэж ес хоногийн турш хийх бөө мөргөлийн зан үйл/ Хүннү улсын ерөн есөн том овог, ерөн есөн алд цагаан хадаг, есөн үедээ цус ойртохыг нэн цээрлэх /ясан төрөлд, хуланц, элэнц, өвөг, эцэг бие (би), хүү, ач, жич, гуч/
- Есөн сүв (Дов тойрсон долоон сүв /толгойнд байрлах/,  доошоо харсан хоёр сүв)
- Есөн ес наян нэгэн уньт монгол гэр
- Есөн мэнгэ /хүний амин хэмнэлийн есөн жилийн давтамж/
- Монголчуудын есөн нүхт цацал
- Есөн гариг (Адьяа, Сумьяа,Ангараг, Буд, Бархасбадь, Сугар, Санчир, Раах, Жидүн)
- Есөн булгийн одохуй /бичгийн үе, сүүдэр халихыг ийн хэлмүй/.
- Хүйтний ес / Өвлийн туйл нар буцах өдрөөс хойшхи наян нэг хоног. Балчир гурван ес, идэр гурван ес, хөгшин гурван ес гэж хуваадаг/.
- Төрийн ёслолын есөн цагаан бэлэг / найман цагаан морь, Булган молцогтой нэг цагаан тэмээ/
- Есөн эрдэнэ /алт, мөнгө, шүр, сувд, оюу, номин, лавай, зэс, болд/
- Есөн идээ / хүргэн хөвүүн есөн зүйлийн тахилын идээг бэлэг болгон эсгий дээр тавиад хүүхний гэрт очдог/
- Есөн хөлт цагаан туг нь монголын төрийн ёслолын туг бөгөөд дайн тулааны цагт есөн хөлт догшин хар сүлд туг юугаан мандуулдаг байжээ. 
- Тайчуудад хаягдсан Есүхэй баатрын хүүхдүүд есөн шарга морьтой үлдсэн. Тэмүжин есөн өдөр тэргүүн өндөрийн шугуйд тайчуудад баригдалгүй суусан, Чингис хаан итгэмжит шадар сайд нараа есөн ослоос хэлтрүүлэн соёрхдог зэрэг есийн тооны холбогдолтой олон зүйлийг дурдаж болно.



Өнгө эрхэмлэх


Монголчууд үндсэн өнгөнөөс цагаан, хөх, улаан, шар, ногоон, хар өнгийг тохирох, тохирох зүйлээр нь бэлэгшээж иржээ. Эдгээрээс цагаан өнгийг илүү бэлэгшээдэг.
Цагаан өнгө Төрийн туг цагаан өнгөтэй. Шинэлэх, цагаалахад цагаан өнгийг бэлэгшээж, цагаан идээг дээд өнгөнд  тооцдог.  Цагаан өнгийг буянт малынхаа сүүтэй холбодог. Хүний сайхан сэтгэлийг цайлган цагаан гэдэг.

Хөх өнгө Монголчууд хөх өнгийг мөнх тэнгэрийн өнгө гэдэг. Баруун монголчууд хөх тэнгэр минь гэж залбирцгаадаг. Улсаа хүртэл хөх монгол улс гэдэг нь мөнх тэнгэрийн ивээл доор байгаа орон гэсэн санаа юм. Ном зохиолоо хүртэл Хөх судар, Хөх дэвтэр гэж нэрлэжээ. Барьж золгодог хадаг маань хүртэл хөх өнгөтэй. Хөх зүсний эцэг малаар сэтэр тавьдаг ардын уламжлал бий.

Улаан өнгө Улаан өнгө гал голомтны бэлэгдэл. Монголчууд улаан зүсний малыг өөдрөг өсөн үржих сүргийн шинж тэмдэг гэж үздэг. Улаан зүсний бух, азарга, буур, ухна тавьж байжээ. Одоо ч улаан зүсний малд монголчууд хайртай. Мандах улаан нар, улааран байгаа тэнгэрийн хаяа гэж ярилцдаг. Жаргалтай хатны хацар улаан гэдэг. Царай нь улаан бутарч гэрэлтээд гэж жавхаатай, цог хийморьтойг хэлдэг.

Ногоон өнгө Монголчууд ногоон өнгийг газар дэлхийгээ, өвс ногоогоо, малынхаа бэлчээрийг ой модоо гэж бэлэгддэг. Шашны зан үйлд ногоон дарь эх гэж бий. Арц ногоон өнгөтэй. Арцнаас ариун зүйлгүй гэдэг. Нялх ногоо, оюу эрдэнийн өнгө цөм ногоон билээ. Өсөн үржих,  төлжин арвижахыг монгол хүн ногоон өнгөөр бэлэгддэг.

Шар өнгө Шар өнгө бол  нарны бэлгэдэл. Алтан шар нар гэдэг. Алтны өнгө шар.  Алтны дэргэд байгаа гууль шарлана гэдэг. Шар өнгө бас шарын шашны эрхэмлэдэг өнгө. Богд хааны өргөмжлөлийг шар өнгийн торго, шар цаасан дээр бичдэг байжээ.

Хар өнгө Хар өнгийг монголчууд муу юмны өнгө, гашуудал, бэлэвсэрлийн бэлэг тэмдэг болгодог. Муу санаатай хүнийг хөө шиг хар сэтгэлтэй гэдэг. Шарын шашин хар өнгийг муу зүгийн өнгө гэж үздэг. Монголчууд хар сүлдийг цэрэг дайны үед хэргэлдэг. Хар өнгийн хялгасаар туг хийж байв.
Хар өнгийг лам, энгийн хүн хоёрыг ялгахад мөн хэрэглэж байлаа. Лам хүн төрийн хар хүн гэх мэт. Хар өнгийг ердийн амьдралд муугаар үзэж байгаагүй. Хар дээл хар малгай өмсдөг. Хар өнгийн нохойг эрхэмлэнэ. Ан амьтанаас хар үнэгийг ихэд таашаана. Эцэг малыг бас хар зүсний юм уу хар толгойтой малаар тавьдаг ёс бий.


Тэнгэр дуугарах

Монголчууд тэнгэр дуугарч цахилгаан цахихыг луутай холбон ярьдаг. Зуны эхэн сард тэнгэр дуугарахыг өнтөй аятай цаг болох нь гэж гэрийн эзэгтэй гоёлынхоо хувцсыг өмсч савтай тараг сүүгээ авч гараад гэрээ нар зөв тойрон тэнгэр газар дэлхий, гэр орноо мялаан цацал өргөж, /зудаа цааш нь зунаа нааш нь/ гэж шившдэг. Дуутай бороотой үед айраг бүлж, задын чулуу, аянганд цохиулж үхсэн малын яс, гурвалжин дүрс бүхий цаас эд юмс, мөн алтангэрэл судрыг айл бүр гэртээ хадгалж байх нь тэнгэр ниргэдэггүй гэж монголчууд үздэг байжээ.



Монголчуудын тооны сэтгэлгээ

Монголчууд дэс тоог ашиглан олон янзын хошин бодлого, таавар, зүйрлэл зохион “тоо бод, тос ид” гэж үр удамдаа бодуулан таалгаж, математик сэтгэлгээг нь хөгжүүлэн сурган хүмүүжүүлэхдээ зарим тоог эрхэмлэн сайн үйлийг билэгдэж тэмдэглэдэг бол заримыг дургүйцэн бүтэл муутай явдлыг дугаарлан тооцоолдог байжээ.

Эрт үеэс гурав, есийн тоог эрхэмлэн билэг дэмбэрэлтэй сайн зүйлийг түүгээр тоолж тэмдэглэх заншил монголчуудад уламжлагджээ.

Монголчуудын тооны сэтгэлгээний өвөрмөц илэрхийлэл болсон зурхайн ухаанд есийг эрхэмлэн зурхайгаар мэргэжих залуучууд анхны дасгал болгож ес арилгах үйлдлийг хийж сурдаг байжээ. Зурхайн ухаан бол манай өвөг дээдсийн бий болгосон тооны сэтгэлгээ, оюун ухааны мэдлэгийн цогц бөгөөд одоо үед ч түүнийг ашиглаж цаг тооны бичиг зохиож нар, сар, гаригийн хөдөлгөөнийг бодож тоолдог.



Монгол цаг

Нар ургахаас аваад шингэх хүртэлх хугацааг өдөр гэх ба нар шингэхээс аваад ургах хүртэлх хугацааг шөнө гэдэг буюу энэ хоёр хугацааг нэг хоног гэдэг. Нэг хоногийн 24 цаг, Монгол цагаар нэг цаг нь одоогийн хоёр цагтай таарах бөгөөд үүнийг нарны байдалтай уялдуулан үзүүлбэл:

  1. Луу - нар мандах 7.40-9.40
  2. Могой - нар хөөрөх 9.40-11.40
  3. Морь - үд дунд 11.40-13.40 
  4. Хонь - үд хэлбийх 13.40-15.40 
  5. Бич -нар орохын урд 15.40-17.40 
  6. Тахиа -нар орох (жаргах) 17.40-19.40 
  7. Нохой -үдэш бүрийд 19.40-21.40 
  8. Гахай -од гарсан хойно 21.40-23.40 
  9. Хулгана - шөнө дунд 23.40-01.40 
  10. Үхэр - шөнө дундын хойно 01.40-03.40 
  11. Бар - гэгээ шарлах 03.40-05.40
  12. Туулай - үүр цайх 05.40-07.40




Есөн их бэлгэ

Хубилай хааны /1213-1214 он/ үед нэр үл мэдэгдэх зохиогчийн бичсэн / Дөрвөн төрийн аван буянт номын цагаан түүх / гэдэг түүхийн зохиолд /хан хүний харьяанд байх есөн их бэлгэ буй / хэмээн бичсэн байдаг.
Буддын шашныг монголд дэлгэрүүлэх үүднээс бичигдсэн энэхүү ном төрийн бэлгэдэлийг тусгасан тэр үеийн ганц дурсгал юм. Гэхдээ төрийн бэлгэдэл үүнээс ч эрт үүссэн байж болно.
1.         Хараа ихт хар туг
            Бусдыг айлгахын бэлгэ

2.         Хашгираа ихт улаан бүрээ
            Хамгаар хүндэтгэхийн бэлгэ

3.         Хүчин ихт хар хор
            Бие сахихын бэлгэ

4.         Цог ихт шар шүхэр
            Олноо өргөгдөхийн бэлгэ

5.         Зангарга ихт алмаас илд
             Засаг явуулахын бэлгэ

6.         Чийрэг сайн алтан эмээл
             Явдалын бэлгэ
 
7.         Ээл ихт хүнд бүс
            Төр тогтоохын бэлгэ

8.         Өндөр талбарт сэнтий
            Хүнд суудлын бэлгэ

9.         Түшиг сайн өрлөгүүд
            Найз нар арга билгийн бэлгэ.



Долоон бурханыг шүтэх ёс

Оддын ордоос монголчуудын хамгийн их шүтэж эрхэмлэдэг нь долоон бурхан од юм. Монгол эмэгтэй сүү саалийнхаа дээжийг үдэш орой долоон бурханд өргөж, өөрсдийнхөө халуун амь, мал сүрэг, эд хөрөнгөө даатгадаг билээ. Долоон бурхан одны тахилга уншлага бий. Тийм тахилга уншилга хийлгэдэг айл дээр цагт мэр сэр байсан. Нутаг уснаасаа хол яваа анчин жинчид хүртэл долоон бурхан одонд хоол хүнснээсээ өргөн цацаж амь, нас ажил үйлсээ даатгадаг ёс байлаа. Мал сүргээ хээр хонуулбол чоно араатнаас авран хамгаалж өгөхийг гуйж долоон бурханд тахил өргөдөг байлаа.
           
Бичсэн: Ялалт Заяа Иба | цаг: 19:31 | Ёс заншил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


mash goe ym aaa bayarlalaa
Бичсэн: hosbayar (зочин) цаг: 20:51, 2012-03-20 | Холбоос | |


yostoi saihan medej avuushtai medeelluud arvintai blog bna. bayarlalaa.urgeljluuleed bdgiim shuu алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 16:47, 2012-03-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax