2012-02-28
Цаатан бөөгийн ёс
Бөө мөргөл нь эхийн эрхт овог төрлийн үед бий болсон бөгөөд түүнд уул, ус, шүтэх зэрэг анхны сүсэг бишрэлийн хэлбэрүүд шингэсэн байдаг. Цаатан ардын бөө мөргөлийн ёс, хэв заншилд ч эдгээр зүйлүүд шингэсэн байдаг. Бөө мөргөл үүсэхийн хамт онгон савдагтай уулзаж ярилцдаг тусгай хүмүүс гарч ирсэн нь одоогийн бөө, удган нарын дээд овог байжээ. Бөө мөргөл харийн шашны шинжээр анх бий болохдоо тэр үеийн нийгмийн материаллаг ахуйгаас үүссэн тул үйлдэх ёс, эд хэрэгсэл цөм бөө мөргөлийн үүднээс тайлбартай болжээ.

Цаатан бөөгийн малгай нь хүрэн өнгийн эдээр хийсэн, дотор талийг бөс давуугаар давхарласан, нүүрэн талын гол дунд хүний нүүр дүрслэн хатгаж, хоёр талд нь чихний дүрс хийнэ. Малгайн хоёр хажуугаар тус бүрд хоёроос гурван ширхэг хонх уяна. Малгайн дээд ирмэгээр 7-9 ширхэг бүргэд юмуу сойрын өд хатгаж, доод ирмэгт нь нүүр таглахуйцаар цацаг унжуулна.

Заарин удганы бөөлөх үед өмсөх дээлийг хуяг гэж нэрлэдэг. Дээлийн хийц хэлбэр нь ерийн дээлээс ялгагдахгүй гөрөөсний арьсаар хийдэг. Дээлийн доод хормойг тойруулан цацаг манджиг зүүнэ. Дээлнийхээ ард мөрний орчим тус бүр хоёр ширхэгээр гурван ширхэг хэсэг өд хадаж, түүнээс 3 ширхэг хонхинуур хадна., 2 талын үзүүрээс суга уруу унжсан байдлаар 2 хэрэмний арьс уядаг. Дээлийн ар голоос зүүн мөргөл манджиг унжуулж, голын сүүл манджигт ан амьтны дүрс давуугаар хайчлан дээрээс доош наадаг. Бөгс орчмын хавиас хонь, ямааны ноос томж, өнгийн давуугаар өнгөлсөн нарийн урт рууз манджиг уяна. Бүгд 81 ширхэг манджиг байх ёстой гэдэг. Дээлийн зүүн мөрөнд тамхины сав зүүсэн, ар нурууны голд жижиг хонхнууд, сүх, холбого, нум, сум зэрэг зүйлүүдийг бэхэлдэг.

Нум, сум, Сүх зэрэг зүйлүүд бол бөө рүн харь оронд очоод хортон, хар санаатан, догшин ширүүн онгодоос биеэ хамгаалж нум саадгаа авч яваа дүр үзүүлнэ. 81 ширхэг манджиг бол баруун зүүн тэнгэрийн эзэд болох учир тэдний тоогоор хийсэн байна. Холбого хонхинуур нь бөө онгодын хараал зүрэл хийхэд тэдний төлөөнөөс явдаг зүйл болно.

Бөө удган уул эзний огторгуй, хурмаст тэнгэр очиход хэнгэрэг нь хөлөг, аян зоргол болж өгдөг. Хэнгэрэг нь хүрээ, бариул, зуузай, жолоо, горхи, бөгж, хонхинуур, булдруу зэрэг үндсэн хэсгээс бүрддэг. Заарин бол гурын арьсаар, удган бол согооны арьсаар хэнгэрэгээ бүрдэг. Хэнгэрэгний хүрээг тэнгэр ниргэсэн модны хавиас хар мод авч хийдэг байжээ. Бариулыг мөн ийм модоор хийдэг. Хэнгэрэгний мод авахдаа уул унагах модны дэргэд очиж үхэр, хонь, ямаа, адуу, тэмээ сааж Туг түмэн хуягтангууд Түмэн эрээн хамжаастангууд гэж хэлээд сүүгээ тал тал тийш нь өргөнө.

Хэцний нүүрэн талд заарин хүн бол 15 эвэртэй буга, удган хүн бол согоо зурж, хоёр талд нь нар сар, үүний хоорондох зайд од мичид зурдаг. Бугаа цусан улаан өнгөөр, согоог одон цагаан, нарыг шараар, сарыг улаанаар будна. Энэ нь буга согоо үхсэн биш амьд байгаа гэдгийг үзүүлж хэрэг юм.

Цохиурыг мөн тэнгэр ниргэсэн хар модоор хийдэг. Цохиурын дээд талд төмөр гол суулгаж, түүнд гурав гурваар есөн горхи углана. Цохиурын цохих талыг шилүүсны годоор бүрж, дотор талд цааны үе, цагаан хонины ноосоор зөөлөвч хийдэг. Бариулын үзүүрт цоолбор гаргаж, таван өнгийн давуу уясан байдаг. Энэ нь таван тэнгэрт өргөж байгаа гэсэн утгатай, Хэнгэрэг хийлгэсний дараа амилуулах гэж тусгай ёслол хийдэг. Амилуулсан хэнгэрэг бөө хүний итгэлт хөлөг гэж хэлдэг.
Бичсэн: Ялалт Заяа Иба | цаг: 19:23 | Ёс заншил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


zaluusiin zaaawal orj bh blog bn aa tsaashdaa ulam bayjuulaarai. gaihaltai
Бичсэн: zochin цаг: 16:16, 2012-10-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax