Цам бүжиглүүлэх ёслол Жил бүрийн зуны сүүл сарын шинийн дөрвөнд Нийслэл хүрээний тахилын цам бүжиглүүлэх, Шинийн есөнд их цам гаргах, тахар дором залах, уулсын тэнгэр тайх зэрэг ихээхэн тахилга ёслол болоход бөх барилдуулдаг байв. Тахилын цам, их цам харайхад оролцогсод энгийн яамлах хурах ёсоор ирдэг. Харин бат-оршил өргөх ёслолд бол ихэд яамлах хурах ёсоор бараалхдаг аж. Хүрээний их цамд 108 баг гарах бөгөөд тэдгээр нь их төлөв 10 хангал тэдний нөхөд сэлт болно. Нөгөөх тахилын цамд нь21 дарь-эх гардаг аж. Харин шахав гэдэг нь өвлийн дунд сарын 29-нд болдог цам юм. Ерөөс цам хэмээх нь шашин, амьтан дайсныг дарах зан үйл бөгөөд энэ уншлага нь дэлгэрэнгүй (жахар жүдүг), дунд (жахар сүргү), хураангуй (дүгжүв буюу Чойжоогийн сор) гэсэн янз байдаг. Цам гэдэг нь Буддийн үлгэр домгийн уран сэтгэмжийн дүрүүдийг биетээр үзүүлж бурхан чөтгөр, буян нүгэлийг сүсэгтэн олонд ухуулах, шашин уран сайхны үзүүллэг юм. Монголд үлэмж дэлгэрсэн цамын төрөл нь: Их хөлгөний шашинтны урлагт дэлгэр гардаг арван хангал (догшид)-ын цам жахар цам буюу 21 дарь-эхийн цам болох Чогор хийгээд гэсэрийн цам, бухан цам зэрэг болно. Цам нь голдуу нэгэн онц туршил тааралдсан тээр саадыг арилгах зорилго бүхий болно. Монголын олон хүрээ хийдээс Да хүрээ, Эрдэнэ зуугийн цам гойд алдартай байв. Цам бүжиглүүлэх үйлс орон хүрээнд бүхий л нутаг усны эр эм, лам хар бүгд цугларан уул үзүүллэгийг үздэг байлаа. Мөн хошуу алслан явж цамд очих нь ч байв. Цам нь ихэвчлэн зуны сүүл хийгээд оны эцсээр тохиолдож байв.